2012/01/22

“Бид сэхээтний үүргээ нэр төртэй биелүүлж явах ёстой ”

“Монголжингоо” ТББ-ын тэргүүн, “Сити” дээд сургуулийн зөвлөх багш С.Мөнхдэлгэр:

 - “Эртэч монгол хүн” өглөөний ажил хэрэгч уулзалт зуны саруудад хэсэг завсарлан, өнөөдрөөс эхэллээ. Байнгын оролцогчийн хувьд өнөөдрийн уулзалтын талаарх сэтгэгдлээ хуваалцахгүй юу?

- Зуны саруудад өглөөний ажил хэрэгч уулзалтаа их санаж, хүлээж байлаа. Өглөө эртлэн босоод, уулзалтын зүг яаран яаран ирсэн гэх үү дээ. Өнөөдрийн уулзалтыг нэгэн үгээр тодорхойлвол “сэрэх ухааныг дуудсан” сайхан лекц боллоо. Энэ үгийн хувьд гэвэл Төрийн хошой шагналт Н. Жанцанноров гуайн номны нэр юм л даа. Монголын хүн бүр сэрэх, сэхээрэх ухаанаа дуудан, нийгмийн хариуцлагаа ухамсарлах нь их чухал. Миний хувьд насаараа эвлэл, эмэгтэйчүүд, нам, улс төрийн ажил хийж ирсэн. Энэ ч утгаараа хэвшиж тогтсон нэг зан байдаг нь шинийг мэдэхсэн, сонсохсон, мэдрэхсэн гэсэн хүсэл л дээ. Үүний минь дуудлага болсон “Эртэч монгол хүн” өглөөний уулзалт нь ухаарал, гэгээрлийг олж авдаг нэгэн зүйлийн миний ундарга юм.
- Гэгээрлийн цагаар МҮАН-ын дарга М.ЭНХСАЙХАН "Монгол иргэншил, монгол үндэстэн, монгол төр, монгол бодлого" гэсэн сэдвийн дор лекц уншлаа. Лекцийн талаар ярихгүй юу?

- Лекцийн сэдвийн хувьд хүн бүхний ярих дуртай, сэтгэлдээ ойрхон тээж явдаг “Монгол үндэстэн”-ий тухай байсан. “Монголын сэхээтнүүд хаана явна вэ?” гэсэн асуулт сэтгэлд минь хамгийн их хүрсэн хэсэг байлаа. Ямар ч улс орны хөгжилд эрдэм боловсролтой сэхээтэн, элитүүд гол нөлөөлдөг. Түүхийн хувь авч үзвэл, Хятад, ЗХУ зэрэг улсууд Монголын сэхээтнүүдийг устгах, хэлмэгдүүлэх явдал их байсан. Энэ нь “үндэстнийг устгахын тулд сэхээтнийг нь устга” хэмээх зарчимтай холбоотой тухай ярьсан. Их сонирхолтой, урьд нь тэр бүр хөндөгдөж байгаагүй сэдэв байснаараа их онцлогтой байлаа.

- Та багш сурган хүмүүжүүлэгч, сэхээтэн хүн. Таны хувьд сэхээтний үүргээ хэрхэн биелүүлж байна вэ?

- Би өглөө ирж явахдаа найздаа “Бид сэхээтний үүргийг нэр төртэй биелүүлж явах ёстой” хэмээн ярьж явлаа. Би төр засаг, эх орон, эцэг эх, багш нартаа маш их өртэй хүмүүс. Сурсан мэдсэн бүхнээ үр хойчдоо өвлүүлэн үлдээж, эх орныхоо хөгжил дэвшилд нөлөөлөх ёстой. Өөрт байгаа бололцоо бүхнээ ашиглан сурсан мэдсэн бүхнээ бусдад хүргэх ёстой юм. Гэтэл зарим ахмад хүмүүс “Бидний үгийг хэн ч сонсохгүй, бид хангалттай үүргээ биелүүлсэн, одоо залуучууд л ганцхан зүтгэх хэрэгтэй” гэсэн гоморхсон эсвэл гутарсан ч гэмээр эдгээр үгийг их хэлж ярих болж. Гэтэл нийгмийн харилцаа гэдэг үргэлжид өнгөрсөн, одоо, ирээдүй гурван цагийн хэлхээс дээр оршдог. Иймд бид ингэж ярих нь зохисгүй юм. Миний хувьд ч үүний эсрэг байр суурьтай байдаг.

- Өнөөгийн залуусийг та хэрхэн үнэлж дүгнэж явдаг вэ?

- Өнөөгийн залуус бүгд дээд боловсрол эзэмшиж байна. Энэ сайхан хэрэг ч нөгөө талаар мэдлэг, чадваргүй дан ганц диплом өвөртөлсөн залуус их болж байна. Иймээс залуус бүр нийгмийн хариуцлага, хүлээсэн үүргээ ягштал биелүүлж, үндэсний ухамсартай байх хэрэгтэй.

- Хөгжил дэвшил гэх ойлголт хаанаас эхлэх ёстой вэ?

- Эх орны хөгжил цэцэглэлтэд иргэн бүхний оролцоо хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, өрх гэрээс эхлэх нь зүйтэй юм болов уу. Төр улс төвшин байхын үндэс нь өрх гэр харин өрхийг бий болгож буй гишүүд нь иргэн хүн бүр юм.

- “Монгол тэмүүлэл” гэдгийг тодорхойлвол?

- Монгол хүн бүхэн ирээдүйнхээ төлөө тэмүүлж, хүчээ нэгтгэн, улс орноо хөгжүүлэхийн эхлэл бол тэмүүлэл юм. Бидний дунд ямар сайн сайхан зүйл байна, тэр бүхнийг бие биедээ гэрэл гэгээ болгон цацраая!

- Танд баярлалаа. Таны ажил үйлст амжилт хүсье!


0 сэтгэгдэл:

Post a Comment