2012/01/22

ЭЭЖ БҮХЭН АМГАЛАН БАЙГ

Энэхүү тэмдэглэлийг бичигч С.Мөнхдэлгэр нь Монголын эмэгтэйчүүдийн байгууллагын 85 жилийн түүхийн сүүлийн дөрвөн арван жилийн хугацаанд эмэгтэйчүүдийн байгууллагын удирдах ажилд томилогдон ажил амьдралын замд хүүхнүүдтэйгээ хамтдаа байсны хувьд Монголын эмэгтэйчүүдийн II нэгдсэн чуулган болж байгаа түүхэн үйл явдлын үеэр зурвасхан ч болов сэтгэлийн үгийг нь уншигчиддаа хүргэж байна. Тэрээр гэр бүл, хүүхэд, залуучууд, бүсгүйчүүдтэйгээ "Хонхон дуу"(2001), "Энхэр нас"(2006), "Одтой насны он жилүүд"(2008) номоороо уулзан учирч, төвийн хэвлэлүүдэд бичсэн хөрөг, нийтлэлүүдээрээ уншигчдын танил болсон эмэгтэй юм.
Удам сайтын үрс. Монголчууд эрт үеэс "Сайн хүний үр, сүүтэй гүүний унага" гэж хэлсээр өнөө хүрсэн нь түүхийн улбаатай амьдралын ухаанаар батлагдаж цагийг элээсэн гүн утгыг илтгэнэ. Дэлхийд онцлох нэртэй Монголын олон үеийн ээж нар энэ сайхан оронд төрсөн хувь заяандаа баярлан биширч басхүү бардамнал дүүрэн түүхийг улбааг залгамжлан хайртай бүхнийхээ төлөө халшрах бэрхшээхийг үл огоорон өнөөдрийг бидэнд авчирсныг санагалзахуйд хоолой зангирч нүд бүрэлзэх бөлгөө.
Бөртэ Чонын удам Алангуагийн үр хүүхдээ эв эед нэгтгэсэн домог өнчирч хоцорсон хүүхдүүдтэйгээ үлдсэн ч өөрийн биеэр туг барин мордоод орхигдож нүүсэн иргэдийг буцааж МНТ-д бичсэнчлэн:

"Оюунтай төрсөн Өэлүн эх

Оёдолт дээлийг огшуулан өмсч

Оготор хормойг шуун бүсэлж

Онон мөрнийг өгсөн уруудан

Олирс мойлыг түүн явна

Өвчүүхэн хөвгүүдээ хайрлан тэжээж

Өдөр шөнийг аргацаан өнгөрүүлж"  явсан хатан тэвчээр, Мандухай цэцэн хатан Монголын голомтыг унтраахгүйн тулд тангараг өргөсөн баатарлаг үйлс, ханийнхаа бүтэн биеийнх нь тал байж эр зоригийг нь хурцалсан Ану хатны эрхэм гавъяаг мөнхжүүлж өнөөг хүрсэн үе үеийн сайхан ээж нар үр удмаа өсгөн бойжуулж өөрсдөө үйлс бүтээлээрээ алдаршин бичигдсэн түүхийг тоочиж баршгүй арвин. Амь нас, хөлс, цусаараа ирээдүй хойчдоо сайхан бүхнийг гардуулсан буурлуудынхаа хүсэл мөрөөдлийн биелэл, амьдралынх нь үргэлжлэл бид юм.

Бидний үеийнхний бахархал болсон эх оронч эмэгтэй Түвдэнгийн Бор, 18 насандаа Хөдөлмөрийн баатар болсон МХЗЭ-ийн илгээнтийн эзэн Хэнтий аймгийн Биндэр сумын саальчин Аюуш, линотипч Цэрэнбүжид, нэхмэлчин  Гүнжинлхам гээд олон манлайлагчид байсныг тод санаж байна. Нэгэн удаа эмэгтэйчүүд уулзалтаараа "Сайхан" гэдэг ойлголтын тухай ярилцах үеэр залуухан бүсгүй сэтгэлд хоногшсон сайхан хүний тухай сэтгэгдлээ хуваалцаж "Уулзалт" киног 6 удаа "Учиртай гурван толгой" дуурийг 3-4 удаа үзэхдээ гагцхүү МУГЖ Цэвэлсүрэн гуайн бүтээсэн дүрийг үзэх сэтгэгдэлдээ хөтлөгддөг хэмээн ярьж билээ. Энэ бол авъяас билгийг үзэгч олон шүтэн биширдэг төдийгүй мэргэжилдээ эзэн болсон чадварыг үнэлж урлаг, уран бүтээл амьдарч байдгийг харуулсан бодит үнэн. Нөгөөтэйгүүр жүжигчний бүтээсэн дүр үзэгчийн зүрх сэтгэлдээ таашаал хүртээж, амьдралд хөтлөх ухаарлыг төрүүлдгийн  жишээ болох билээ.

Бидний амьдарч байгаа энэ жаранд Монгол орныхоо нэрийг тив дэлхийд мандуулсан Олимпийн мөнгөн медальт Гүндэгмаа, Мөнхбаяр, дуучин Ариунаа, Хонгорзул, шатарчин Мөнгөнтуул гээд олон алдартан төрж ээж бүхний сэтгэлд нар гийлгэн баясгаж, тэдний өргөсөн сүүний цацлын ерөөлөөр сайн үйлсийн эзэд нэмэгдсээр байх нь дамжиггүй.

Ер нь эмэгтэй хүн гэдэг ертөнцийг гэрэлтүүлж явах тэнгэрлэг хувь заяатай улс гэдгийг манай нэр цуутай зохиолчид уран бүтээлээрээ урлан үзүүлж, төр нийгмийн зүтгэлтнүүд дурсамж дурдатгалдаа ээжийгээ мөнхжүүлж чадсаныг магтавч баршгүй. Хүн бүхэн зохиолч, дуучин, тамирчин гээд олонд танигдах авъяастан байх албагүй ч эмэгтэй бүх бүхэн сайн хань, сайхан ээж байх хувь тохиолтой болохоор унших, сонсох, ухаарах, хөдөлмөрлөхөөс хэсэгхэн зуур боловч хөндийрч боломгүй санагддаг.

"Ээждээ" дуугаар нь овоглон тодотгох болсон СГЗ Ч.Дагвадорж ээжийнхээ дүрийг төрсөн бууц байгаль эхдээ дуутайгаа мөнхжүүлсэн гэрэлт хөшөөний зургийг монголын орчин үеийн хадны дүрсгалд  бүртгэж авсан тухай өөр бусад олон сайхныг саяхан хэвлэгдсэн "Ээж дуудна" номоос нь уншиж нэг л хэсэгтээ ээж бүхнний хайрыг санан уярал төрлөө.

Төр нийгмийн зүтгэлтэн СГЗ Ц.Балхжав "Үүрдийн дурсгал номон хөшөө", СГЗ Т.Султаан "Би Орон Цаг", Б.Содном "Амьдралын сургамж", С.Зэвсэг "Хүн байхын учир", Б.Хатанбаатар "Ээждээ захидал бичээрэй" гээд олон сайхан бүтээлүүдээс ээжийн ачлал, үрийн хайр аль аль нь мэдрэгдэхүй хоолой зангирч нулимс мэлмэрч сэтгэл сэмрэх бөлгөө. Уншсан номын хуудас, уншигч миний уяралаас төрөх энэхүү араншин, сэтгэл хөдлөл хүн бүхэнд л байдаг. Гагцхүү өөрийгөө амирлуулан ном уншиж магнай тэнийхийн жаргалаас зарим хэсэг нь арай л холдоод байх шиг...

Дуу гэгч сэтгэлд жигүүр ургуулдаг шидтэй гэлцэнэ. Жигүүртэй болоод нисдэг гэхээс жигтэйхэн гүн бодолд хоромхон зуур аваачиж урт холын замыг товчлох шиг л уяраадаг дуунууд олон бий. СГЗ Мяасүрэн "Миний ээж", С.Задгай, Л.Дагвадорж "Хүүгийн бодол", УГЗ Л.Балхжав, СГЗ Ш.Гүрбазар "Ижий минь байвал жаргалтай" дууны үг аялгуу нь зохицон таарч ээжийн ачлалыг өргөмжилж үрийн сэтгэлийг хөглөн гэгээн хүсэл тэмүүлэлд дуудах шиг болдог.

Сэтгэл догдлох уярахтай зэрэгцэн хэний төлөө юу хийж бүтээснээ санаж сэрдэг ч учир бий, сайн мууг ялгах сэхээрч ухаардаг ч тохиол бий. Ээжийгээ баярлуулж сэтгэлийг нь амирлуулсан хэн бүхэн эх орныхоо төлөө ихийг бүтээх хүсэлд автдаг нь ээжийн ач. Ээж бүхэн хүүгээ, охиноо сайн яваад ихийг сурч бүтээгээрэй гэж ерөөгөөд эргэж ирэхийг нь хүлээнэ. Хүлээж байгаа ээж бүхэнд "Ээж дуудна" гэж сэтгэлд бодогдоостой байдаг нь үнэн. Тээж төрүүлээд тэвэрч өсгөсөн ээж бүрийн сэтгэлд мөнх хамтдаа орших удмыг авч явахдаа хийморлог золбоотой амьдарч дэлхийд ганц Монголынхоо нүүр царайг бүсгүй заяагаар түшилцэж, гишгэсэн мөр замаараа үр хойчоо дагуулахаар ажиллаж амьдарч өөрийнхөө зөв замналаа үнэт өв болгон үлдээхэд чамбай хандахын эрхэм чухлыг энэ цаг үед эмэгтэй бүхэнд энэхүү тэмдэглэлээрээ хэлэх гээд байгаа юм. Угтаа бол удам сайтын үр сад хэн нь ч ухаалаг эхнэр, унхиатай бүсгүй, уяхан сэтгэлт ээжийн хайр халамжаар үеийн үед тэгш дүүрэн амьдрах ерөөлийн эзэд байх учиртай.

"Саарыг элсэн дээр
Сайныг хадан дээр сийлж сурцгаая" /Сургамжийн өгүүллээс/. 1970 онд дээд сургууль төгсчихөөд Хан Хэнтийд томилолт авч багш болоод тун удаагүй цагт тэр үеийн боловсон хүчний сонголтоор аймгийн Эмэгтэйчүүдийн зөвлөлийн даргаар тохоогдон томилогдож хүнлэг чанар, удирдахуйн ур ухаанд тэгширсэн Дашчирав, Чимидлхам нарын ухаалаг дарга нарын зөвлөмж туслалцаатайгаар "Эмэгтэйчүүдийн соёлжих танхим"-ыг шинэ байранд нүүлгэн тохижуулж номын санч Рэнцэнноров, оёдолчин Гунгаа, эмч Цагаандарь гээд олон сонгуультан бүсгүйчүүдийнхээ оролцоотойгоор байнгын ажиллагаатай болгон эмэгтэйчүүдийн соён гэгээрүүлэх төв болгон ажиллуулж байсан маань үр дүнгээ өгч байсан санагддаг.

Аймгийн хэмжээнд ухуулга, сурталчилгааны ажлыг бусад байгууллагуудтай хамтран явуулж эмэгтэйчүүдийн дунд зохиох ажлыг боловсронгуй болгохын төлөө цаг наргүй ажиллаж явсан үе маань амьдралын минь туршид ажиллах чадвар дадлыг олох эхлэл болсныг санахуй Хан Хэнтийн зон олондоо баярлан талархаж явдаг юм.

Тэр үед МЭХ-ны тэргүүн, Төрийн шагналт зохиолч С.Удвал гуай зохиолчидтой "Уран үгсийн чуулган" зохион байгуулж миний бие оролцон шүлгээ уншиж магтаал сонсч урам  төрж байсан сан. С.Удвал дарга нөхрийг маань улаанбаатарт ажиллаж байгааг сонсуут манай дарга нартай биечлэн уулзаж хот руу шилжүүлэхийг анхааруулаад явсны дараа удалгүй шийдвэр гарч хотод шилжин ирсэн юм. Тэр цаг үед хөдөөнөөс хотод ирэх гэдэг амаргүй даваа байсан ч манай даргын залуу хүмүүсийг хоёр газар амьдруулж болохгүй ээ, эхнэр хүн гэрээ гийгүүлж байх учиртай гэсэн үг л аймгийн дарга нарыг цочроосон байх. Энэ үедээ их тусыг нь гүйцэд ойлгохгүй ч ямар нэр хүндтэй хүн байсныг нь бахархаж явсан билээ.

1980-аад оны эхээс МЭБ-ын тэргүүн Л.Пагмадулам нийслэлийн эмэгтэйчүүдийн байгууллагын дарга Р.Оюун, Чулуунхүү, райодын Эмэгтэйчүүдийн зөвлөлийн дарга Цэрэн, Сумъяа, Янжин, Алимаа, Чулуунбат нартайгаа сэтгэл зүтгэл нэгтэй ажиллаж байснаа эргэн санахад өнөөгийн багаар ажиллах зарчим үндсэндээ хэрэгжиж үр дүнд хүрч байсан шиг.

Тэр үед нийтийг хамарсан далайцтай ажлуудыг бэлтгэл зохион байгуулалтын өндөр түвшинд хийж заримдаа тодорхой хугацаанд хэвшил болгох ажлыг зорилго болгон үе шаттай дүгнэн хйидэг байсан. Тухайлбал "Хөдөлмөр соёлын чуулган", "Гэр бүлийн баяр", "Мянган цэцгийн баяр", "Эрээн даавуу" (1988 он)  гэх мэт сонирхолтой ажлууд нь эмэгтэйчүүд харилцан суралцах, бусдыг үнэлж, өөртөө дүгнэлт хийх олон талын тустай байлаа. МҮЭСТО-нд нийслэлийн хэмжээний уран бүсгүйчүүдийн ур ухаан шингэсэн бүтээлээр 7 хоногийн үзэсгэлэн гарган сурталчилж районы дарга нар ээлжлэн 24 цагаар ажиллан хариуцаж байсан маань айл бүхний гэрт ая тух, арвич байдлыг хэвшүүлэхэд тус хүргэхээр зорьж байсан хэрэг. Монгол улсын нэр цуутай олон бүсгүйчүүдийн дотроос С.Удвал, Э.Оюун, Ш.Дулмаа нарыг би хувьдаа алдартай зохиолчид төдийгүй нэрт соён гэгээрүүлэгчид гэж боддог.

Сүхбаатар дүүргийн залуучуудын дунд "Чин сэтгэлээсээ" клубын нээлтэнд  Ардын жүжигчин эрдэмтэн Э.Оюун гуайг урьсан юм. Залуу, хөгшин, эрэгтэй, эмэгтэй ямар ч хүн уншихаа зогсвол сэтгэхээ болино гэдгийг маш энгийн сонирхолтойгоор ярьж олон залуус өөрийнхөө номоос хол яваа алдаагаа ойлгосноо хэлж, баяр талархлаа илэрхийлэхийг хараад зөв ажил хйиж байгаа юм байна гэсэн урам төрж билээ..

1983 онд Сүхбаатар дүүргийн эмэгтэйчүүдийн бага хурлын төлөөлөгчид ДБУАТ-ын улсын тэргүүний эмэгтэйчүүдийн зөвлөлийн дарга хүүхдийн дуучин В.Долгорын  тайлан концертыг тоглуулснаар 2 жилийн дотор зөвхөн нийслэлийн 200 гаруй байгууллагад эмэгтэйчүүдийн зөвлөлүүд санаачлан урьж тоглуулснаар бүтээлээрээ алдаршин 1985 онд эмэгтэйчүүдийн V их хурлын үеэр "Монгол улсын гавъяат жүжигчин" цол хүртэж 80 хэвийх насандаа ч "Хүүхдийн дуучин"-ы жаргал эдлэн үзэгчидтэйгээ хамт явна.

Олон мянган ээжүүдийн хайртай гавъяат эмч О.Должинсүрэн агсан нэгэн удаа хуучлахдаа: "Би II амаржих газрын дарга байхдаа орчноо ногоон бүс болгохоор хотын эмэгтэйчүүдийн байгууллагаас тусламж хүсэхэд Р.Оюун дарга 500 төгрөгийн хандив өгснөөр 400 суулгац авч тарьсан нь энэ ногоон цэцэрлэг шүү дээ" гэснийг тод санаж байна. Ажил хийе гэсэн хүн арга эв хайна, ажил хийх дургүй хүн аян шалтаг эрнэ гэдэг үгийн жишээ энэ. Шулуун шударга зан, цэвэр цэмцгэр дүр төрх, удирдах ажилтны ёс зүйтэй харьцаагаараа бүсгүйчүүддээ хүндлэгдсэн хоёр сайхан эмэгтэй маань үргэлж өөдрөг өнгө зүс, зорх сэтгэлээрээ үгүйлэгдсээр ч сайн хүний сайхан үйлс мөнхөрч үлддэгийн үнэнийг харуулж байна.

Гавьат багш, эрдэмтэн С.Ишбалжирын бичсэн дурсамжинд дунд сургуулийн сурагч байхдаа Б.Ринчингийн "Бэр цэцэг"-ийг олж үзээд ихэд догдлон цээжлэн уншаад "Онц" дүнгээр шагнуулж байснаа онцолсон байдаг.

"Салахын зовлон үзэлгүй

Саарын нэр сонсолгүй

Сайн сайхан яваасай гэж

Билэгт сайхан үгээ хэлэлцэж

Бэр цэцэг бие биедээ барьдаг

Эртний дээд өвгөдөөс уламжилсан

Эрхэм сайхан заншил бий" гэдгийг насан туршдаа санан явж уудам сайхан манай нутгийн уул талаар ургадаг олон цэцгийн дотроос богино иштэй хөх өнгийн "Бэр цэцэг"-ийг хүлэмжинд ихээр тарьдаг болсон. Түүнээсээ баглаа болгоод хурим, найрын ширээнд тавих алс хол яваад нь цэцгийн баглаа барьдаг заншлыг дэлгэрээсэй гэж танилууддаа, шавь нартаа хэлдэг тухай уншаад сэтгэл баясан эмэгтэйчүүдийн байгууллага санаачлан хийж болох  юм гэсэн санаа төрж байсан. Энэ бол сэтгэлийн соёл юм даа.

Урьдын юманд ул ч бий зул ч бий. Хөгжлийн тухай... Хүний хөгжлийг эн тэргүүнд тавьж байгаа цаг үед өнөөдрийн мэргэдийг урьд цагийн бүтээгдэхүүн гэж үзэх нь зүйд нийцэх билээ. Монголын нийт хүн 2 683 500 байгаагийн 47% нь эрэгтэйчүүд, 53% нь эмэгтэйчүүд, дундаж наслалт эрэгтэйчүүд 62,7%, эмэгтэйчүүд 70.2% гэсэн стастистик үзүүлэлтийг харахад хүмүүн бидний ухамсарт амьдралын хугацаа бага тул хийж бүтээхтэй цаг наргүй уралдмаар байгаа юм. Бид бүхний хүндлэн дээдэлдэг их гүүш Б.Ренчин "Мундахгүй эрдмийг сурахад  нас даан ч богино

  Мунхагуудын дунд амьдрахад нас даанч урт" хэмээсэн ухаалаг сургамж

ямар ч цаг үед хэн бүхэнд сануулга болсон эрхэм үг.

Бид байгаа орчиндоо өөрөөс шалтгаалах сайн сайхныг бий болгохын төлөө чармайж тэмүүлэхийн оронд өөдрөг байгаа бүхнийг шагшин магтах эсвэл гоочлон муутгах, үл тоомсорлох байдлаар ханддаг муу зуршилд нэгээхэн хэсэг маань автаагүй байгаа. Үнэндээ бидний эргэн тойронд сайн сайхан зүйл чамлахааргүй байгааг харж мэдэрж чаддаг билгийн нүд дутаад байдаг нь нууц биш. Ажил амьдралын орчин гэдэг хувь хүний хөгжил төлөвшилд онцгой нөлөөтэйг 2008 оны судалгаанаас авч үзвэл орчинд хүүхэд ба гэр бүлийн хүчирхийлэл ажиглагддаг гэж үзсэн өрх 64.4%, орчноо хүүхдэд ээлтэй гэж үздэг өрх 37.5%, сайн эцэг эхийн зан үйлийг хэвшүүлсэн өрх 29.6% байгаа нь хүүхэд залуучуудын төлөвшилд уламжлал,  шинэчлэлийн таатай нөлөөлөл бүрдэж чадахгүй байгааг харуулж байгаа юм. Нөлөөллийн олон шалтгаан байгаагийн дотор эх, эмэгтэй хүний ухаан бодол, ажилсаг байдал, ёс зүйн зөв төлөвшлийн нөлөө, үлгэр их байдгийг анхаарч, эртнээс нүүдэлчин монголчуудын амьдралаас уамжлагдан ирсэн өрх гэрийн дагуулан хүмүүжүүлэх, хөдөлмөрөөр дадлага чадвар эзэмшүүлэх зэрэг дэвшилтэт хэлбэрүүдийг ахуй амьдралдаа нэвтрүүлэх нь эхчүүдийн хувьд улс орныхоо хөгжлийн төлөө тус хүргэж буй томоохон үйл ажиллагаа хэмээн бодогдоно.

Айл өрх, албан байгууллагын өнгө царайг бүсгүйчүүд авч явдаг төдийгүй тэдэнд дэм өгч итгэл хүлээлгэвэл хамгийн нарийн, хүндхэн асуудлыг ч дээд зэргийн сайн шийдвэрлэж чаддаг хүмүүс шүү дээ.

1980-аад оны дундуур УАДБЧ-ын бүсгүйчүүд өөрсдөө санаачлан зээгт наамлаар ур ухаанаа уралдуулан чөлөө цагаараа самбаачлан бүтээсэн бурханы хөрөг бүхий хөшиг  өнөөдөр ч чуулгын тоглолтыг чимж олон мянан үзэгчдийн мэлмийг баясган сэтгэлийг цэлмээсээр байгаад би ихэд баяёдаг нэгэн. Бүжигчин хүүхнүүд цэлгэр танхимд өнгө будаг хослуулан ур мэтгэж суусан нь одоо ч нүднээ илхэн байдаг юм. Тий их хөдөлмөр зүтгэл магтаал төдийгөөр үнэлэгдээд өнгөрсөн байж таараа. Гэвч мөнхийн бүтээл хийсэн тэр үеийнхэн азтай. Ер нь бусдаас илүү ачаа үүрч, ажлын төлөө өөрийгөө зориулж цаг наргүй амжуулж ажил амьдралаа зохицуулж явсан сонгуультан хүүхнүүдээс маань Ардын эмч Ж.Баасанхүү, Ардын жүжигчин Д.Мэндбаяр, Гавъяат багш Ж.Норжинхорлоо, Д.Зэвгээ, Гавъяат жүжигчин В.Долгор, Хоролсүрэн, Цэрэннадмид, Соёлын гавъяат зүтгэлтэн Н.Цагаач нарын олон алдартнууд төрсөнд нэгэн үеийн хамтран зүтгэгчид бид бүгдээрээ баярлан талархаж явна.

Ардчилал хөгжиж буй манай орны хувьд нийгмийн бүх салбарт эмэгтэйчүүдийн идэвхитэй оролцоо үгүйлэгдэж байна. Төрийн ба хувийн, бизнесийн хүрээнд л цөөн тооны эмэгтэйчүүд идэвхийлэн ажиллаж байгааг эс тооцвол эх орныхоо хөгжилд эмэгтэйчүүдийн идэвх чармайлт өнгөрсөн үеэс хол хоцорсныг бид олон талаар тайлбарлаж болно. Дээд боловсролтой эмэгтэйчүүдийн хувь өндөр байгаа ч улс төрийн болон шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн нөлөөлөл бага байгаа тухай байнга ярьдаг ч ам яриа, хүсэлт гуйлтаар асуудал шийдвэрлэгддэггүйг 2008 оны УИХ-ын сонгуулийн дүн харууллаа.

Бид зөвхөн өөрсдийн үйл ажиллагаагаар шийдвэрлэж чадах нэгэн чиглэлд эмэгтэй хүн бүрийг "Хичээгээрэй" гэж хэлэх гэсэн юм. Өвгөд дээдсээс уламжлагдсан "Ёс ёмбогор, төр төмбөгөр" гэсэн үгийг ёсчлон биелүүлж идээний дээд архийг хүндэтгэл ёслолын тунгаар нь хэрэглэж жудгаа алдсан байдлаас гарч журам ёсыг хэвшүүлэхэд онцгой анхаарч ажиллаж амьдарцгаая.

Төрөлхөөс заяасан бүсгүй хүний ур ухаанаар орчноо чимж өрх гэрээ дүүрэн жаргалтай, үр хүүхдээ баярын хөөртэй, хань ижлээ итгэл зүтгэлтнй байлгаж эв эеийн дээдээр ахуйгаа хөтлөн удмын заяагаа тэгшилж явах эрхэм үүрэгтээ эзэн болж явах учиртай бүсгүйчүүддээ энэхүү дурсамж тэмдэглэлээрээ урьдын юм бүхэн ул болдоггүй, зул ч бас болдгийг сануулахын ялдамд амьдралыг гэрэлтүүлж явахын тухайд санал бодлоо хуувалцаж сайн сайхан хөгжил дэвшилд садаа болох саар бүхнээс холуур байхад хөтөлдөг нандин бүхэнд тань бахдаж, ээж бүхэн амгалан, үр бүхэн баяртай амьдрахын өлзий ерөөл бэлгэдсэн юм.

С.Мөнхдэлгэр
"Монголжингоо" эмэгтэйчүүдийн холбооны тэргүүн

0 сэтгэгдэл:

Post a Comment